Хуучин дэлхий

*** *** ***

2012 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Эрдэнэдалай

Гал мэт дарсыг

Ус мэт залгилахад

Салхи мэт хөгжмү

Өвс мэт найган...


*** *** ***

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Эрдэнэдалай

Дэлхий дээр амьдрагч, би

Дэндүү их гунигтай

Гэхдээ хүнд гомддоггүй

Дэндүү их гунигтай, би

Түсхийн инээдэг

Түүнийг минь хүн ойлгодоггүй

Түсхийн инээдэг, би

Түргэн зангүй тайван

Яавч нойрмог биш

Түргэн зангүй тайван, би

Хүн бүртэй эвсэг ч

Байнга хамт биш

Хүн бүртэй эвсэг, би

Хүн бүрийг хайрладаг

Тэд намайг ойлгохгүйгээр...

Ойлгомжгүй энэ сэтгэл хөдлөлүүдийг

Орчлон надад өгсөн болохоор

Өөрөө ч би ойлгохыг хүсэхгүйгээр...

2012.09.19

*** *** ***

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Эрдэнэдалай

Өдрийг би өдөр шиг үзлээ

Өдөр л байлаа

Шөнийг би шөнө шиг үзлээ

Шөнө л байлаа

Өдөр шөнийн аль нь илүү

Өнгө гэрэлтэйг үзэх гэж

Өнөөдөр би амьдран явнам

Өнгө сүүдрийг нэгжин суунам

2012.09.23

Р.Дэмбүү-д

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Эрдэнэдалай

Шанлуунаас уугих арцны анхиламд

Шажин түүний утгаар балмагдан сэргэнэм

Шавилхан залуу насандаа өвгөн дүрийг бүтээн

Шад маань бувтнан ариун амьсгалыг илгээнэм

Бурсан хуврагийн чуулгандаа суварга мэтээр суун

Буянт цагийн уриныг өнө хойтдоо хамтадгаад

Нүгэлт жамын орчлонг нүдээ анин мартагнаж

Нэгэн үзүүрт сэтгэлээр гэрэл бүтээхийг хүсэв, би...

Зориулсан Танд минь тэр гэрэл нэгэн сэтгэлтэн болж

Зөөлөн эгшиг үүсгэн сонорт жигүүр дэлгээд

Нигүүлсэхүйн чухам мөрөөр жим тодлон

Нэгэн зургийн үзэмжийг цогцлоон харуулнам, биз ээ...

Үйлийн чөлөөгөөр сүвлэсэн

Сэтгэлийн сайхнаар гэрэл бүтээгээд

Харанхуйн дунд нуугдан сууж

Сарыг зурсан Та хараарай...

2012.07.24

Жирийн биш...

2012 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Эрдэнэдалай

Жирийн биш болоход минь

Жүнзтэй архи галбирлаг харагдана

Жимийсхийгээд таалан ёслоход

Жигдийн биш давалгаан дотор оргилно

Байгаа ахуй минь амьдралаас хол

Байхгүй болох минь ч үхлээс өөр

Барин тавин орчин зүүдний ч юм шиг

Балчир байхаас минь тэс ондоо

Мод салхинд найгахыг

Сормуус хэрж нүд анихын чимээгээр сонсч

Тод саран давалгаалахыг

Сонорт чихээрээ анирлан үзнэ

Жирийн биш болох минь

Жирийн өдрүүдэд ч тохиодог

Жил саруудын уйтгарыг

Жинхэнэ сэгсрэх шиг сайхан болдог

Алдаа онооны тухай бодох хэрэггүй

Амьдралд бас өөр амьдрал гэж бий

Нар, сарны гэрэлд сүүдэр минь тусах ч хамаагүй

Надад бас өөрийн гэсэн бодол бий

Жирийн биш болох минь

Жирийн л биш болохоор хүмүүс минь

Жинхэнэ ч бил үү амьдралдаа намайг

Жирийн биш гээд ойлгоорой

Намайг битгий муулаарай

Намхан дуугаар зэмлээрэй

Нар сарны дундах ховыг

Нанчдаас асуух өдрүүд байдаг юм байна

2012.07.20

*** *** ***

2012 оны 06-р сарын 17 Нийтэлсэн Эрдэнэдалай

Зүүдний ертөнцийг дэлхийгээс чөлөөлөн одонд хүрээд

Зүрхний хэмээр маань хөгжөөх мэт баясалган суув

Олон галавын хүрдийг хором зуураа инчдэн

Одоо цагийн мунхралаас даруй зугатан одов, би...

Өвгөдийн минь цогцосыг хадгалсан ариун орон

Өндрийн туйлаас үзэхүл алганы хээ шиг харагдана

Амьдралын мөр мэтээр түүнийг ухан бодоод

Алгаа хавсран залбирч нэгэн цулыг бүтээв, би...

Дуу нь үгүй ч бодол арвин агаарын энэ уудамд

Дурсах юмсаар дүүрэн цагийн баринтагт орон зай байна

Тайван бясалгах эрх чөлөөндөө өөрийгөө бүтээн

Тавилан заяаны зургийг илтгэн харахыг хүсэв, би...

Өвгөдийн минь цогцосноос алсарсан алтан хэлбэрт цул

Өндрийн тэнгэртээ дэнлүү нарны гэрлийг тэжээж

Үүрийн гэгээг урин өдрийн цагийг насад бүтээгээд

Өөрийн минь сүүдрийг үзүүлж амьд явааг минь гэрчилнэм, тэд...

2012.06.16 Далай-Сайншанд хот

Нүргэлэх борооны өмнө...

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Эрдэнэдалай

“Говь миний ээж

Заг миний найз”…

Р.Харцагачимэд ахдаа...

Модны сүүдэрт жин үдээр

Сэрүүцэсхийн суугаад

Могойн гүрвэлзээ шиг

Салхины хээг элснээ харан

Зүүрмэг нозоорох минь

Ялаа дүнгэнэх шиг тээртэй санагдахад

Зүглэх борооны үүл

Явгарсан хүн шиг дөхөж байгааг мэдэрнэ

Зүүрмэг тольт зэрэглээг

Үйрмэг шижир элс гэрэлтүүлэхэд

Зүүн өмний толгой үүл

Үзэгдэхийн газраас чийг ханхлуулна

Борооны өмнөх чийгт анирыг

Босон сууж урин нэхнэ

Дүйртэл нүргэлэх бороо

Дөхөж л байна даа

2008.07.24

Дуун төрхийг минь сонсоосой

2012 оны 03-р сарын 25 Нийтэлсэн Эрдэнэдалай

Хязгаарын газраас

Чимээ хүлээх мэт

Хэдэн өдрийг би /Өөртэйгөө/

Ганцаардан зовж өнгөрөөлөө

Цээжин дэх гунигаа мушгихад

Нулимс болж урсмаар

Цэцгийн өлөн чийгэнд

Нууцхан бухимдаж алхлаа

Дээгүүр үүлс эзгүйрэн нүүж

Дэргэд цэцэгс салхиар өтөлж

Дэлхий хөлийн минь дор байвч

Дээр үед нисчихсэн мэт ганцаараа

Олон, чимээгүй

Өдрийг ганцаараа барах гэж

Одоо, одоо, одоо цагуудыг

Өнгөрсөнд бэлэглэсээр явна

Нар гарсан өдрөө жаргаж

Хур асгарсан өдрөө цэлмэсээр

Намар уруу зүглэсэн энэ зуны

Хачин уйтгартай хэдэн өдрүүд…

Хэлэх, ярихыг бодох шиг санаж

Хэдэн өдрийг ганцаараа…

Хөх бэхтэй шүлгийн дэвтэртээ

Хэлэх, ярих, бодох үгээрээ…

Ертөнцийн дуун төрхийг

Сонороо дэвсэн чагнах минь ч болоосой

Ерөөсөө би /Өөрөөсөө/ зугтаад

Хүмүүсийн дунд ороод алхчихъя

2009.08.18

Бийрийн хөвгүүн

2012 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Эрдэнэдалай

Явгалан мандсан дугуй цагаан сарны дор сууж

Явуулын хүн шиг ирж буцах өдөр шөнийг тунгаагаад

Шивнүүр салхитай үүрийн зав чөлөөгүй орчлыг

Шинэхэн өглөөний агаартай нь залгилан цэлмэхийг хүсэв

Байгаль дэлхий эмзэглэн дуншиж цэлмэхийг үзээд

Буй биеэрээ билигт хувилан хүмүүний сэтгэлд илгээхэд

Залуухан дэлхийд минь мэндэлсэн зуу зуун шинэ өдөр

Задгай сансраар тарж нисэлдэх агшин гэдгийг ухаарав

Сүгмэдийн орноос сул асгарсан оюуны их хур нь

Сүнсэн биет хүмүүнд амилаад онгодын гэрэл оршооно

Сэрж манддаг нарны ширхэг алтан цацрагийг

Сэргэлэн өвсний үзүүрт зангидаад бэхэнд нийтгэв

Орчлонгийн юмсыг тунгаах зуур ариусан дотогшлоход

Оршуулгын энгэрт зүүрмэглэсэн цаг хугацаа ч чарлан мэндэлнэ

Дэлхийн гүн амьсгалыг тэрхэн зуурт сонордон баринтаглаад

Дэргэдийн хүмүүндээ зүрхнийхээ айзмаар өгүүлэн хөгжөөв

Дотор хүн минь гэрэлтэн мэндлэв, амьсгалан ариусав

Дорнын чуулганд эн зиндаархаж алга  хавсрав

Билиг түүнээс төрнө хэмээн хэнд хэлэв

Би бийрийн хөвгүүн болов оо

2011.05.20

Сэтгэлийн тунгалаг Эх орон

2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Эрдэнэдалай

Яруу найрагч Б.Лхагвадоржид

Цээжинд эрхэлсэн дурсамжийн өнгөтэй шувуу                                                                               

Жигүүрэн доороо цаг хугацааны гижигтэй юм                                                                                      

Сэрүүн ахуйн гэрэлт орноо би тунгалагшин санахаар                                                               

Жирийн бус өдрүүдийг ч гэрэлтүүлэн дурсах юм                                  

Хавсрага босоо дэвсэн Өргөн сумын төв дээр                                                                                      

Өвдөг шороодон ноололдсон гөлгөн ноход тоймгүй                                                                         

Хаврын урь унасан ч цасны ааг нь арилаагүй                                                                                      

Хачин өдөр байж шүү, одоо бодоход гэмгүй                                                 

Гэвч эх нутагт минь хавар ирж цаг уядаад                                                                                               

Гэзэг үсээр эрхлэх салхин нарны үнэртэй байлаа                                                                                  

Сэрүүн ахуйн гэрэлт орноо бүтээхээр бидэн хоёр                                                                                 

Сэтгэлийн хуудас эргүүлэн номын тухай ярьж суулаа                                        

Эх орон минь тэгэхэд тунгалаг байлаа                                                                                                        

Хүү минь тунгалаг нүдээрээ орчлонг сонирхсоор байлаа                                                                     

Эхлэх төгсөхийн тухай бодохын ч хэрэггүй байлаа                                                                              

Хүрэн уулсын амь мэт үүрд нутагтаа оршмоор байлаа                                     

Галавын нууцыг хадгалсан солирын орон гэнэт харваж                                                                  

Гадаад далайн гүнд цаг хугацаа нойрсч л байгаа                                                                             

Газрын хөрсөнд мэндлээд тэнгэрт өсдөг өвс ногоо                                                                      

Гандах ургахаа харин асууж амжихгүй л байгаа                                                   

Эх орон минь тэгэхэд нууцын нууц алсад байна                                                                          

Энгэрийн цаана цохилох зүрхэнд оршин байна                                                                                  

Тув тунгалаг наран гэрэлт мөнхийн оронд байна                                                                             

Туулах насны минь чимэг болон гэрэлтсээр л байна                                  

Элрийн хатсан шавар балрын үеэс тоосроод                                                                                 

Хумхийн амь орж хувилгаан цэцгэнд хүртсээр байгаа                                                              

Элэнцийн гэрэлт сүнс салхины амьсгалаар бодлогоширч                                                        

Хуучин дэлхийн элгэн дээр хүн ургуулсаар байгаа                                          

Эх орон минь тэгэхэд үүрдийн амгалан байна                                                                                   

Эрвээхий далавчаа дэрвэх шиг сэрүүн тунгалаг байна                                                                       

Эх орон минь тэгэхэд үүрдийн мөнх байна                                                                                            

Эх хүн үрээ санах шиг хүйн далд холбоотой байна                                           

Эх орон минь тэгэхэд дандаа л тунгалаг байна                                                                                   

Хүү минь тунгалаг нүдээрээ орчлонг сонирхсоор байна                                                             

Эхлэх төгсөхийн тухай бодохын ч хэрэггүй байна                                                                           

Хүрэн уулсын амь мэт үүрд нутагтаа оршмоор байна                                    

Сэрүүн ахуйн гэрэлт орон минь...                                                                                                              

Сэтгэлийн тунгалаг Эх орон минь...   

2009.03.03

Дүү зээрд

2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Эрдэнэдалай

МУ-ын Тод манлай уяач                                                                           

Г.Сандуйжавын эцэг Гарамжавын                                                               

Тогоруу угсааны угшил Дүү зээрд морь

Асарлаж буусан наадмын майхнууд

Адууны тоосонд хээ нэмнэ ээ

Тогоруу удмын Дүү зээрд нь

Тогтож ядан уяан дээр дэргэнэ ээ

Наадам толгойн энгэр бэлээс

Нарийн тоос хөлөрч нисэлдэнэ ээ

Дүү зээрдийн давхил дороос

Дүгрэг тамга газарт үлдэнэ ээ

Сунгааны дараа зөн билэгдээд

Сугарсан тоос нь тэнгэр онилно оо

Наран зүг гийнгоон дуу хадааж

Наадмын өглөө морьд эргэнэ ээ

Галтай чулуу тэнгэрт ноцож

Тогоруун жигүүр газраар дэвнэ ээ

2005.06.22

Гоё охидтой хавар

2012 оны 03-р сарын 17 Нийтэлсэн Эрдэнэдалай

Сайншандад минь бороо орж байна

Охид ч сайхан ургах нь дээ...

Сэлнэн цан шиг өвлийн жаврыг мартагнаж

Сэтгэлдээ би цэцэг атган алхаж байна

Чийг хөөрсөн хаврын нялх үнэрийг энхрийлж

Чин зүрхнээсээ би охидод хайртай болж байна

Зурсан юм шиг үзэмжит охидыг харцаараа танимхайрч

Зориглон очиж нэрийг нь асуух гээд зогтусч байна

Зүүд шиг орчлонд удаан амьдрах жаргалтай санагдаад

Зүгээр л дэргэдүүр нь өнгөрч өдөржин тэднийг бодож байна

Урагшлан алхах зорилгогүй эргэн тойрноо ажиж

Урьд урьдын хаврыг нэхэн нэхэн санаж байна

Гоё гоё охид эрвээхий шиг эргэлдэн байна

Голд нь би санаа алдаад яаж ч чадахгүй зогсч л байна

2011.04.25

Амьд явахад...

2012 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Эрдэнэдалай

Гэзгэн салхинд

Бүсгүй үнэр шингээж

Хаврыг угтахад

Хайр ирнэ

Гэгэлгэн санаанд

Үгсийн өнгө шарлааж

Намрыг үдэхэд

Шүлэг ирнэ

Гоёмсог саранд

Оддын сормуус ирмэлдэж

Зүүд таалцахад

Шөнө ирнэ

Гэгээн наранд

Сэтгэлийн үүр хаяарч

Цэцэгс титэмлэхэд

Өглөө ирнэ

Цэнхэр хадаганд

Дууны аялгуу мэлтэлзэж

Эгшиг намирахад

Амьдрал ирнэ

Цээлхэн тэнгэрт

Жаргал хуримлуулж

Зовлон үргээхэд

Жам ирнэ

Цуваа үүлэнд

Амьдын зол дайж

Тэнгэр зүглэхэд

Нас ирнэ

Цуурай салхинд

Хорвоогийн үнэнийг гилж

Ертөнц рүү цутгахад

Юм бүхэн надад ирнэ

2005.11.11

Хөлөрч мандах наран дор...

2012 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Эрдэнэдалай

Гэр хөлөртөл аагьдаг говийн минь нар

Гариг эрхсийн хөлсийг салхиараа эгшээнэ

Домгийн энэ салхинд улирал эргэвч

Дотоод орноо говь минь их усан долгиотой

Тэнгэр өргөн бэлчдэг сүрлэг их тэмээд

Тунамал усан зэрэглээнд хөлгүй хөвнө

Газар тэнгэрийн савслаган дахь тэр алс

Гадаад далайн зах шиг мэлтэлзэх давалгаатай

Явуул салхины хөлд галбир засах өвс ногоо

Ямба титмийн тэргүүнээ тэнгэрт өргөх шиг ургана

Ганган улаан зүсээрээ нартай ижилсэх тэмээд

Газар илэх шиг намба зөөлөн жонжоотой

Наран магнайтай говийн минь тэнгэрийн дор

Намайг уяхан болгосон салхин буйлаан хөсөгтөй алсарна

Тэнгэр гижигдэн ургасан загийн хар шугуй

Тэмээний нүүдэл шиг элсний шижир амин ундаргатай

2012.02.11

Ногоо ургах зуур...

2012 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Эрдэнэдалай

Ногоо ургах зуур элдвийг бодон суув

Ноднин унасан навчнаас гуниг асуун суув

Эргэх хорвоо дахин цэцэглэж байхад

Ээж минь харин хөгшрөөд л байна уу…

Ногоо ургах зуур элдвийг бодон суув

Нойтон цас хаялсан өвлийн оройг санав

Арын уулнаа модод гөлөглөж байхад

Аавын минь нуруу бөхийгөөд байна уу…

Ногоо ургах зуур элдвийг бодон суув

Норж сэрэх цэцэгстэй зуны өглөөг санав

Дүүрэн инээдээр гэр жаргаан эрхэлсэн

Дүү нар минь харин өсөөд л байна уу…

Ногоо ургах зуур элдвийг бодон суув

Нэг л мэдэхэд эргэх цагийн аясыг санав

Дүгрэг сартай хорвоогийн жамыг нь яалтай вэ…

Дүү нараа би хааш нь хөтлөн амьдрах вэ…

2003.05.28